Tuesday, June 23, 2015

                                                     Үр тогтолт, Жирэмслэлт
Сарын тэмдэг ирэх болсон үеэс эхлэн охидын өндгөвчинд сар орчим хугацаанд нэг өндгөн эс боловсордог. Тухайн үеийн биеийн байдал, ачаалал, сэтгэл санааны байдал зэргээс хамааран сарын тэмдгийн эхний болон дунд үед хөгжил нь гүйцсэн өндгөн эс өндгөвчний гадаргуун дээрх цэврүүнээс гадагшлана. Гадагшласан өндгөн эс нь эмэгтэй хүний үр дамжуулах хоолойн төгсгөлийн хэсэг болох салбангийн тусламжтайгаар үрийн хоолойд орж, 24-48 цагийн дотор үр тогтох чадвартай байдаг.
Эрэгтэй хүний төмсөгөнд эр бэлгийн эс боловсорч, түрүү булчирхай ба үрийн цэврүүнээс ялгарсан шүүрэлтэй нийлж үрийн шингэн болдог. Нэг удаагийн бэлгийн харьцааны үед ялгарсан үрийн шингэнд 400-500 сая орчим эр бэлгийн эс байдаг. Эр бэлгийн эс нь өөрийн сүүлний тусламжтайгаар идэвхтэй хөдөлгөөн хийх чадвартай байдаг тул үтрээнээс умайн хүзүү, умайн хөндийгөөр дамжин үр дамжуулах хоолойд 1.5 цагийн дотор очдог. Эмэгтэйн үр дамжуулах хоолойд эр бэлгийн зөвхөн нэг эс, өндгөн эстэй нийлж үр тогтдог.
Үр тогтсон өндгөн эс хуваагдаж эхлэх ба энэ хөгжлийнхөө явцад үр дамжуулах хоолойн өвөрмөц үйл ажиллагааны үр дүнд 5-7 хоногийн хугацаанд умайн хөндийд орж, түүний хөвсийж зузаарсан салст бүрхэвчинд бэхлэгдэнэ. Энэ үедээ 100 гаруй эс болон хуваагдсан байдаг ба хэмжээгээрээ томорсон байдаг.
Жирэмсний хугацаа
Жирэмсний хугацааг үр тогтсон мөчөөс бус харин сүүлийн сарын тэмдгийн эхний өдрөөс эхлэн тооцдог. Жирэмсний 2 сартай үр хөврөл хүний дүрсийг олох бөгөөд 2.5 сартайгаас ургийн зүрхний цохилт хэт авиан шинжилгээгээр мэдэгдэх болно. Харин 4.5-5 сартайгаас эх өөрөө ургийн хөдөлгөөнийг мэдэрдэг. Жирэмслэлт 40 долоо хоног буюу 280 хоног үргэлжлэнэ. Төрөх хугацааг олохдоо сүүлчийн сарын тэмдэг ирсэн эхний өдөр дээр 7-г нэмээд, сараас нь 3-ыг хасна.
Жирэмсэн болсон үед илрэх шинжүүд
Эрт хугацаанд илрэх шинж:
сарын тэмдэг хоригдох;
бөөлжис хутгах;
огиулах;
бөөлжих;
хөх томрох, хөхний товчны орчим борлож, нөсөөжих, судас нь өргөсөх;
нүүр сэвхтэх;
шээс ойр ойрхон хүрэх;
үтрээнээс гарах ялгадасны гаралт нэмэгдэх;
Ядрах, нойр хүрэх;
кофе, цай, тамхи, өөхтэй хоол зэрэг тодорхой зүйлд дургүй болох;
Зарим эмэгтэйчүүдэд эдгээр шинжүүд илрэхгүй байж болно.
Жирэмсэн байж магадгүй гэвэл:
Бэлгийн хаьталд хамгаалалтгүй орсон бол жирэмсэлсэн байж магадгүй
Сарын тэмдэг ирэх ёстой өдрөөс хойш 10 хоног хүлээнэ.
Жирэмсэн эсэхээ тодруулахаар эмчид хандана.
Жирэмсний явц дахь ургийн хөгжил
Үр хөврөлийн гадна талын эсүүд нь умайн салстад модны үндэс шиг нэвтрэн орж, эхийн цусан хангамжтай холбогдоно. Энэ хэсгийг эхэс гэж нэрлэдэг.Эхэс ба ураг нь хүйгээр холбогдсон байдаг. Эхэсээр дамжуулан үр хөврөл (жирэмсний 8 долоо хоног хүртэл хугацаанд үр хөврөл, түүнээс хойших хугацаанд ураг гэж нэрлэнэ.) буюу ураг нь эхээсээ хүчилтөрөгч болон тэжээлийн шимт бодисыг авах ба ургийн биеэс ялгарсан хэрэгцээгүй зүйл нь түүгээр дамжин эхийн цусанд ордог.
Жирэмсний эхний 1 сард:
Ургийн цусны эргэлт бий болно.
Ургийн их бие, толгойн хэсэг болон тархи хэлбэржиж эхэлнэ.
Жирэмсний эхний 2 сард:
Ургийн их биеэс гар, хөл, дотор эрхтнүүд болон бэлэг эрхтэн үүсч хэлбэржих боловч эрэгтэй, эмэгтэй нь сайн ялгараагүй байна.
Ургийн зүрх цохилж эхлэх бөгөөд түүнийг чанд авианы тусламжтайгаар харж болно.
Жирэмсний 2 сарын төгсгөлд үр хөврөлийн толгойн оройгоос бөгс хүртлэх урт нь 8 мм байна.
Жирэмсний эхний 3 сард:
Нүүр хэлбэржиж, нүд тодорхой ялгарна. Ам, хэл тодорхой ялгагдах болно.
Гар хөлийн хуруу, умс хэлбэржсэн байна.
Ургийн хүйс тодорхой ялгарна.
Жирэмсний 4 дэх сард:
Ургийн яс, мөчүүд ба булчин хэлбэржиж, ургийн хөдөлгөөн эхэд мэдэгдэхүйц болно.
Арьс нь нимгэн, тунгалаг байна.
Хөлсний булчирхай, хөмсөг, сормуус бий болно.
Жирэмсний 5 дах сард:
Ургийн толгойд үс ургана.
Ургийн зүрхний цохилтыг эхийн хэвлийн гаднаас сонсох боломжтой болно.
Нүдний зовхи аниастай байна.
Ураг заримдаа зогисох ба ургийн хөлгөөн идэвхжинэ.
Жирэмсний 6 дах сард:
Ургийн тархи ажиллах болно.
Нүдээ нээж чадна.
Чих нь сонсох чадвартай болж эхэлнэ.
Гарын алга, хөлний улны ба хуруунуудын арьсны хээ бий болно.
Жирэмсний 7 дах сард:
Ургийн хөдөлгөөн нилээд хүчтэй болно.
Ураг зарим үед сэрүүн байх болно.
Чанга дуу чимээг мэдэрч, тийчигнэн хариу өгнө.
Урагт өөхлөг эд нэмэгдэнэ.
Жирэмсний 8 дах сард:
Ураг уртаашаа өсч, жин нь нэмэгдэнэ.
Үрчгэр байсан арьс нь тэнийж, толигор болно.
Ургийн яснууд болон хумс хатуу болж эхэлнэ.
Ургийн идэвхтэй хөдөлгөөн арай багасна.
Жирэмсний 9 –10 дах сард:
Уушиг ба бусад эрхтнүүд хөгжиж гүйцнэ.
Ураг гадаад орчин амьдрах чадвартай болно.
Жирэмсний хяналт
Жирэмсний эхний 3 сарын дотор эмчийн хяналтад орох нь жирэмслэлт, төрөлтийн хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.
Хот, суурин газруудад өрхийн эмч, хөдөө орон нутагт баг, сумын эмч жирэмсэн эхчүүдийг хянана.
Жирэмсний хяналтын ач холбогдол:
Жирэмсний хугацааг эрт хугацаанд зөв тогтоох боломжтой байдаг. Энэ нь жирэмсний амралтын болон төрөх хугацааг зөв тогтоох ач холбогдолтой.
Эхийн амь насанд аюултай эмзэг байдлыг эрт илрүүлж, жирэмслэлтийг үргэлжлүүлэх эсэх асуудлыг эрт шийдвэрлүүлэх боломжоор хангагдана.
Жирэмсний тээлтийн хугацаанд эх, ургийн байдлыг хянаж, одоогийн жирэмсний эмгэг байдлыг эрт илрүүлж, эмчлэн эрүүлжүүлэх буюу нарийн мэргэжлийн эмнэлэгт хэвтүүлж эмчилснээр төрөх үеийн хүндрэлээс урьдчилан сэргийлнэ.
Ургийн бүтэлт, гажиг хөгжил зэргийг эрт илрүүлж, зохих арга хэмжээг эрт авна.
Тухайн эмэгтэйн биеийн байдал, жирэмслэлтийн явц зэргээс үндэслэн төрөх үед гарч болзошгүй эмгэгийг урьдчилан тооцож, төрөх хугацаанаас өмнө жирэмсний эмгэгийн тасагт хэвтүүлэх, мэс засал хийх боломжтой эмнэлэгт урьдчилан хэвтүүлж, болзошгүй хүндрэлээс сэргийлэх арга хэмжээ авна. Ялангуяа дэд бүтэц муу хөгжсөн хөдөө орон нутагт онцгой ач холбогдолтой.
Жирэмсний хугацаанд зайлшгүй хийлгэсэн байвал зохих шинжилгээнүүд:
Цусны ерөнхий шинжилгээ
Шээсний ерөнхий шинжилгээ
Үтрээний наацын шинжилгээ
Бэлгийн замын халдварыг илрүүлэх шинжилгээ
Сүрьеэгийн шинжилгээ
Жич: шаардлагатай үед эмч нэмэлт шинжилгээ хийлгэхийг зөвлөнө.
Жирэмсний эмзэг байдлууд
1. 4-өөс дээш удаа төрсөн
2. Түрүүчийн төрөлтөөс хойш 2 жил бололгүй жирэмсэлсэн
3. 20 хүртлэх болон 30-аас дээш насны тулгар төрөгч
4. 145 см –ээс намхан,
5. Өмнөх жирэмслэлтийнхээ үед үр хөндүүлсэн буюу үр зулбаж байсан
6. Өмнөх жирэмслэлтийн явцад цусны даралт ихдэж, хавагнаж байсан
7. Дутуу төрөхийг завдаж эмчлүүлсэн болон дутуу төрсөн
8. Урьд нь мэс засал хийлгэж төрсөн, умайдаа хагалгааны сорвитой
9. Өмнөх төрөлтүүдийн аль нэгэнд төрөлт удааширч эм тариагаар дэмжлэг авч төрж байсан
10. Өмнөх төрөлтүүдийн аль нэгэнд амьгүй хүүхэд төрүүлж байсан
11. Өмнөх төрөлтүүдийн аль нэгэнд ургийн буруу /хөндлөн, ташуу/ байрлалтай байсан
12. Жин багатай хүүхэд төрүүлж байсан
13. Өмнөх төрөлтүүдийн аль нэгэнд жирэмсний үед болон төрсний дараа цус алдаж байсан
14. Өмнөх төрөлтүүдийн аль нэгэнд эхэс гардуулж, эхсийн хэсэг үлдэж байсан
15. Төрсний дараа болон үр хөндөлт, зулбалтын дараа халуурч эмчлүүлж байсан
16. Өмнөх төрөлтүүдийн аль нэгэнд төрж чадахгүй эх барихын хавчуур тавиулж байсан ба ураг эвдүүлж байсан
Жирэмсэн эмэгтэй дараах шинжүүдээс аль нэг нь илэрвэл цаг алдалгүй эмчид хандахыг зөвлөнө.
Ам цангаж, хавагнах
Толгой өвдөх
Жирэмсний хугацаанд үтрээнээс цус гарах
Төрөх хугацаа болоогүй үед умай базлах
Халуурах
Жирэмсэн эмэгтэйд өгөх эрүүл мэндийн зөвлөгөө:
Хоол хүнсэндээ цус төлжүүлэх болон ургийн өсөлт хөгжилтийг хангах уураг, нүүрс ус, амин дэмээр баялаг зүйл хэрэглэнэ. Хэрэв бололцоотой бол жимс, хүнсний ногоо, мах, цагаан идээ, өндөг зэргийг урьд хэрэглэж байсан хэмжээнээс нэмэгдүүлэх; Сүү, бяслаг, тараг нь кальц агуулдаг тул ургийн өсөлтөнд чухал нөлөөтэй.
Төмөр-фолийн хүчил нь цусан хангамжийг сайжруулахад онцгой шаардлагатай бөгөөд энэ нь жин багатай хүүхэд төрөх, ураг ба нярайн бүтэлт, архаг цус багадалттайн улмаас хүүхэд өвчлөмтгий байх зэрэг янз бүрийн хүндрэлээс хамгаалах ач холбогдолтой. Төмөр бидний иддэг хоол унданд хангалттай байдаг бөгөөд 7 хоногт 2-оос дссшгүй удаа элэг ба бололцооны хирээр мах хэрэглэвэл зохино. “ С ” амин дэмээр баялаг шинэ ногоо, жимс хэрэглэх нь төмрийн шимэгдэлтийг дэмждэг. Фолийн хүчил нь элэг, бөөр, байцаа, шанцай, хан боргоцой, хар талх, хөх будаанд агуулагддаг байна. Гэхдээ жирэмсний үед хэрэгцээтэй төмөр, фолийн хүчлийг хоол тэжээлээр хангалттай авч чаддаггүй тул жирэмсэн эх төмөр-фолийн хүчил агуулсан шахмалыг өдөрт 1-3 ширхэгийг 100 хоног эмчийн зөвлөгөөний дагуу уух шаардлагатай.
Амралт: Өдөрт 1-2 цаг хэвтэж амрах, жирэмсний сүүлийн 3 сард хүнд юм өргөх, ачаалал ихтэй ажил хийхээс зайлсхийх;
Эрүүл ахуй: арьсаа цэвэр байлгах ба чөлөөтэй, зөөлөн даавуу хувцас өмсөх;
Хөхөө арчлах: хөхний толгойг угааж, нааш нь татаж, тос түрхэх;
Хорт зуршил: архи тамхи хэрэглэхээс зайлсхийх, жирэмсний эхний 3 сартайд элдэв эм уух, рентген зураг авахуулахаас татгалзах;
жирэмсэн үед архи, эм хэрэглэхэд эхэсээр чөлөөтэй нэвтрэн, урагт нөлөөлдөг. Архи, эм хэрэглэсэн эхийн хүүхэд жин багатай, өсөлт муутай байхын зэрэгцээ нилээд нь зүрх, бэлэг эрхтэн, яс зэрэг эрхтэн тогтолцооны гаж хөгжилтэй, сэтгэн бодох чадвар муутай болдог.
Тамхин дах хорт бодисын үйлчлэлээр эхэсийн цусан хангамж багассанаас хүүхэд нь жин багатай төрдөг.
Жирэмсний амралтын талаархи хууль, тогтоомж :
Хөдөлмөрийн тухай хууль VII бүлэг “ Эмэгтэй хүний хөдөлмөр ”
104 дүгээр зүйл. Жирэмсний болон амаржсны амралт
104.1Эхэд жирэмсний болон амаржсны 120 хоногийн амралт олгоно.
104.2Хүүхдээ 196, түүнээс дээш хоног тээгээд дутуу төрүүлсэн болон үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн эмэгтэй хүнд энэ хуулийн 104.1-д заасан жирэмсний болон амаржсны амралт олгоно.
104.3Хүүхдээ 196 хоног хүртэл тэээгээгүй болон үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан эмэгтэй хүнд өвчний учир чөлөөлөх ердийн журмыг баримтлан ажлаас чөлөө олгоно.

Төрөх дөхснийг харуулсан шинжүүд:
1.Хүүхэд доошилж, амьсгалахад чөлөөтэй болох,
2.Хэвлий /умай/ үе үе хатуурч зангирах,
3.Үтрээнээс унжралдсан, цайвар өнгийн салиа гарах
Төрөлт
15-20 минутын зайтайгаар умай жигд базлах болсноор төрөлтийн үйл ажиллагаа эхэлдэг.
1.Умайн базлалтын үр дүнд умайн хүзүүний амсар нээгдэж, ураг доошилдог. Умайн амсар нээгдэх үе нь 6-20 цаг үргэлжилдэг.
2.Хүүхэд төрөх үе: Умайн амсар бүрэн нээгдэж, ургийн толгой эхийн аарцгийн хөндийд орсон үед умайн базлалт улам хүчтэй, ойрхон болохын зэрэгцээ эх өөрийн эрхгүй дүлдэг. Үүний үр дүнд хүүхэд эхээс төрнө. Энэ үе 10 минутаас 1 цаг үргэлжилнэ.
3.Эхэс ховхорч, гарах үе: Хүүхэд төрсний дараа эхэс нь умайн агшилтын улмаас ховхорч, умайгаас гардаг. Энэ үе нь 5-15 мин үргэлжилнэ.
Амаржсны дараа анхаарах зүйл :
Шавхарга: Энэ нь төрсний дараах эхний өдрүүдэд цусархаг, 3-4 дэх хоногоос махны шүүс шиг өнгөтэй, 10 дах хоногуудаас өнгөгүй болох бөгөөд хэмжээний хувьд 3 дах долоо хоногоос багасаж, 5-6 дах долоо хоног гэхэд бүрэн ялгарахгүй болно. Хэрвээ шавхарга үргэлжлэн гарах, шинж чанар нь өөрчлөгдөх, эвгүй үнэртэй болох зэрэг шинж илэрвэл эмчид үзүүлэх хэрэгтэй.
Хөх, хөхний сүү: Жирэмсний болон төрсний дараахан хэд хоногт хөхнөөс ангир уураг ялгарах ба үүнд хүүхдийн биед шаардлагатай шим тэжээлийн бодисоос гадна өвчнөөс хамгаалах эсрэг бие агуулагддаг тул хүүхдийг төрөнгүүт нь амлуулах хэрэгтэй.
Хөхүүлэхийн өмнө хөхүүлсний дараа хөхөө сайн угааж цэвэрлэх ;
Хүүхдийг цаг барихгүй, дуртай үед нь цадтал нь хөхүүлэх;
Хөхүүлсний дараа үлдэгдэл сүүг сааж хөхөө суллах ;
Халууралт: Умайд халдвар орох, хөхөнд сүү зангирч буглаа үүсэх зэрэг үед халуурч болох тул яаралтай эмчид үзүүлэх ;
Жирэмслэлтээс сэргийлэх талаар : Төрсний дараа эхний 2 жилийн дотор дахин жирэмслэх нь эх ба хүүхдийн эрүүл мэндэд эрсдэлтэй тул энэ хугацаанд өрхийн эмчээсээ зөвлөгөө авч жирэмслэлтээс сэргийлэх аргуудаас өөртөө тохирохыг сонгон хэрэглэхийг зөвлөх ;
Охидын жирэмслэлт
Өсвөр үеийнхэнд тохиолддог олон ээдрээтэй асуудлуудын нэг нь охидын жирэслэлт юм. Энэ нь өнгөц харахад хэн нэгэн охинд тулгарч буй хувийн шинжтэй асуудал мэт боловч нийгмийн олон салбарын онцгой халамж анхаарал шаардсан эмзэг нарийн асуудал байдаг. Тэд хүүхдийнхээ эцэгтэй амьдрах эсэх, эцэг эх нь түүнийг ойлгож туслах эсэх зэрэг олон асуудалд сэтгэл зовж шаналдаг. Тэдэнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ, нийгмийн халамж, цаашид сурч боловсрох бололцоо олгох гээд олон асуудлыг төрөөс хариуцах шаардлага гардаг.
”Охидын жирэмслэлт“ гэдэг үгийн цаана зарим үед эцэг болох тухайгаа огтхон ч бодоогүй өсвөр насны хөвгүүдийн асуудал гардаг. Манай улсад сүүлийн жилүүдэд нөхөн үржихүйн гол насны буюу үндсэн бүлгийн эмэгтэйчүүдийн төрөлт жилээс жилд буурч байхад өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлтийн давтамж нэмэгдсээр байна. 1990 онд манай улсын нийт төрөлтөд 19 хүртлэх насны охид, эмэгтэйчүүдийн төрөлт 3 хувь байсан бол 1996 онд 8%, 1998 онд 10 гаруй хувийг эзлэх болж нэмэгджээ. Гэтэл энэ үзүүлэлт 1998 онд улсын хэмжээнд хийгдсэн Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаагаар говийн аймгуудад 20 гаруй хувь байна. Жирэмсэлсэн охидын ихэнх нь хүсээгүй үедээ, тохиолдлын байдлаар гэр бүл болоогүй байхдаа жирэмсэлдгээс төв суурин газрын охид үр хөндүүлэх, хөдөөгийн охид хүсээгүй хүүхдээ төрүүлэх замыг ихэвчлэн сонгодог. Аль ч замыг сонгосон эцэг эхдээ зэмлүүлэх, үе тэнгийнхнээсээ ичиж зовох, ирээдүйдээ итгэл алдрах , эмнэлгийн тусламж авахаас айх зэрэг сэтгэлийн дарамтанд ордог. Тоглон наадаж, сурч боловсорч, баяр баясгалангаар бялхаж байх учиртай гэнэн томоогүй хүүхэд насандаа алдаж эндээд жирэмсэлсэн охидыг хамгийн дотны хүмүүс болох эцэг эх нь хүртэл буруутгаж зэмлэдэг нь тэднийг буруу шийдвэр гаргахад хүргэдэг.
Өсвөр насныханд эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг Итгэлтэй утсанд хандагсдын 14.3 хувь нь жирэмслэлттэй холбоотой асуудлаар зөвлөгөө авчээ. Тэдний 41.7 % нь жирэмсэн эсэхийг хэрхэн мэдэх, 22.4% нь үр хөндөлтийн талаар сонирхсон байна. Судалгаанаас үзвэл өсвөр насныхан дунджаар 16-17 насандаа жирэмслэхээс болон бэлгийн замын халдварт өвчнөөс хамгаалах ямар нэгэн арга хэрэглэхгүйгээр бэлгийн харьцаанд оржээ. Хүүхдүүдийн дунд анхны бэлгийн харьцаагаар жирэмслэдэггүй гэх зэрэг буруу ойлголт ам дамжин яригддаг, гэтэл тэд хүссэн үедээ үнэн зөв мэдээлэл, зөвлөгөө авах хязгаарлагдмал байгаа нь тэднийг хүсээгүй үедээ жирэмслэхэд хүргэж байна. Жирэмсэлсэн эсэхээ мэдэхгүй, мэдсэн ч хэнд хандахаа мэдэхгүй айж ичиж явсаар үр хөндөж болох хугацаа өнгөрсөн хойно аргагүй хэвлийн нь томорсон үед эмнэлэгт хандах ньцөөнгүй байдаг.
Өсвөр насны охидын жирэмслэлтийн явц ихэнх тохиолдолд хүндэрдэг. Учир нь тэдний төв мэдрэлийн тогтолцооны болон ерөнхий биеийн хөгжил гүйцээгүй, сэтгэл санааны хямралтай байдаг нь жирэмсэн нөхцөлд дасан зохицох чадварыг сулруулдаг. Түүнчлэн дутуу төрөх, төрөх үйл ажиллагаа сулрах, ураг бүтэх, төрөх замын зөөлөн эд урагдах, цус алдах зэрэг хүндрэлүүд олонтой гардаг.
                                                                    Copy Paste shoo

No comments:

Post a Comment