Monday, July 2, 2012

Батмөнх Даян хаан

Баянмөнх Болох жинон, ах Мандуул хаантай хямралдан байх үед Батмөнх төржээ. Мандуул хаан нас барж, хаан орыг залгамжлах хүнгүй байх үед Хасарын угсааны ноёд энэ чөлөө цагийг далимдуулан хаан орыг эзлэхийг завдахад Монголын томоохон ноёд болон Мандуул хааны бага хатан Мандухай нар, Баянмөнхийн хүү Батмөнхийг дэмжин долоон настайд нь 1480 онд Чингис хааны найман цагаан гэрийн өмнө Монголын хаан ширээнд суулгаж, даяарыг эзлэх болтугай гэж Даян гэдэг цол өргөмжилсөн ажээ. Монгол судар бичигт энэ тухай өгүүлэхдээ: ...Тогоонтөмөр хаанаас хойшхи хэд хэдэн хаадын үе тасарч ертөнцийн төр бурхны шашин эс тогтож, түндэрч хан харц, сайн муу үл ялгагдан явахад Боржигины Болох жинонгоос Батмөнх нэрт хөвүүн төрж нэг настайдаа өнчин хоцроход Мандухай хатан асран тэтгэж эрдэнэ мэт сэтгэлт сайд лугаа зөвлөлдөн эндүүрэл үгүй Даян хааныг тийн сахиснаар эрх Боржигины галыг шатаасан нь тийм бөлгөө гэжээ. Ийнхүү Батмөнх бага насандаа Монголын хаан ор суусан учир түүний улс төрийн үйл ажиллагаа нь эхэн үедээ яах аргагүй Мандухай сэцэн хатантай салшгүй холбоотой юм. Мандухай бол Энгүд отгийн Цоросбай Төмөр чинсаны охин, Мандуул хааны бага хатан билээ. Тэр үед Мандухай 33 настай байжээ. Сурвалж бичгүүдэд Мандухай Хасарын угсааны Өнөболдод хайр сэтгэлтэй байсан боловч тархай бутархай Монгол улсыг нэгтгэх эрх ашгийн үүднээс хааны үр Батмөнхийн хатан болсон гэсэн байдаг. Батмөнх хааны үйл ажиллагаа нь эхнээсээ аваад Монголын нутаг дэвсгэрийг хураан захирч төрийн нэгдлийг хангахад чиглэгдэж байсан бөгөөд түүний хатан Мандухай сэцэн уг үйлсэд үлэмж үүрэг гүйцэтгэсэн юм. Монголын төрийн нэгдлийг төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэх хэмээсэн Мандухайн зориг санаа, түүний Чингисийн шүтээн хэмээх найман цагаан гэрийн өмнө өгсөн тангарагт илэрхийлэгджээ.
 Түүнд дурдсан нь:
«... Өргөн их үүдийг чинь хөнгөн гэж
Өндөр босгыг чинь нарийн гэж
Үнэболод унд эгихүл
Уурга чинь урт
Хуйв чинь агуу буй.
Наймайг уургалж ав.
Чинийй үрийг өчүүхэн гэж басаж авахул
Үнэболод унг уургалж ав
Харь бүрсэн хан хөвгүүн төрж
Хан хөвгүүн чинь халив гэж
Хар биеэ мэдэж эчвээс
Хаа гуяа ханзалсу ...» гэж танагарагласан байдаг.

Мандухай монгол ноёдын салангт бутархай байдлыг арилгахын тулд юуны түрүүнд Дөрвөн Ойрадыг дагуулан нэгтгэхийг чухалчилж өөрийн бмеэр цэрэглэн мордож ойрадуудыг Тасбүрд хэмээх газар байлдан дарж хааны захиргаанд оруулжээ. Тэр нь чухам хэдэн оны хэрэг болох нь тодорхойгүй боловч Батмөнхийн хаан суусны дараахан хэрэг бололтой. Учир нь Мандухай цэрэглэн очихдоо Батмөнхийг үхэгт хийж явсан гэжээ. Энэ тухай Саган сэцэн Мандухай их цэргийг удирдаж дөрвөн Ойрад руу чиглэн явсан тухай өгүүлсэн байдаг. Мандухай хатан энэ байлдаанд сайтан саадаглаж, сандарсан улсаа хурааж малгайгаараа хурайлан цэргээ уриалан дуудаж, уухайлан орж эрэмгий зоригтой байлдсан гэдэг.
Мөнхүү бичигт, Дөрвөн Ойрадыг байлдан орохдоо цэргээ хэд хувааж давшуулсан тухай сонин мэдээ байдаг. Дөрвөн Ойрадыг номхотгосны дараа тэднийг цаашид баримтлан захирч байх хатуу цааз тогтоосон байна. Үүнд, завилж бүү суу, сөгдөж суу. Малгайн залааг гурван хуруунаас илүү бүү хий. Хутгаар мах бүү ид, амаараа зулгааж ид. Айргийг цэгээ гэж хэлж байх гэх зэргийн хатуу цааз гаргасан ажээ. Ойрадууд махыг хутгаар огтолж идэхийг гуйсан учир зөвшөөрсөн гэдэг.
Батмөнх даян хаан улс орноо нэгтгэн захирах нийгэм улс төрийн шинэчлэлийг хийж хаант төрийг бэхжүүлэх зорилго тавьж байжээ. Монголд бий болсон улс төрийн бутрал, дажин хямрал нь их хааны эрх мэдэл буурч төрийн эрх сайд (тайш) нарын гарт төвлөрснөөс үүдэлтэй байсан учир Батмөнх даян хаан юуны түрүүнд чинсан, тайш хэргэм тушаалыг устгажээ. Тайш хэргэм нь Юан улсын үед нэг их том тушаалд тооцогддоггүй байсан бөгөөд харин XIV зууны дунд үеэс алтан ургынхны байр суурь өдрөөс өдөрт суларч тайш на рих хааны эрх мэдлийг шүүрэн авч эхэлснээр төрийн эрх тайш нарын гарт төвлөрч эхэлжээ. Зарим үед тайш нар Ерөнхийлөн Захирах (Чжун шу шэн) Яамны чинсан, Цагдан байцаах албаны (Юйшитай) чжиюань зэрэг тушаалыг шүүрэн авсан үе ч байжээ. Тухайлдбал, Тогоон тайш Ерөнхийлөн Захирах Яамны Баруун гарын чинсан байжээ. Эсэн хаан нас барсны дараа хийгээд Даян хаан төр барихаас өмнөх тэрхүү завсрын үе дээрх байдал маш их даамжирсан учир Батмөнх хаан ширээ залгамжилсныхаа дараа тайш, чинсан, чжиюань зэрэг хэргэмийг халсан. Хятад сурвалж бичигт энэ тухай бичихдээ: “Тухайн үед тайш тушаал нь маш нөлөө бүхий тушаал байсан, хаан балчир учир тайш онцгой эрх мэдэлтэй болохоос болгоомжилж тайш тушаалыг устгав” гэжээ.Даян хаан тайш тушаалыг устгаж, жинон хэмээх тушаалыг бэхжүүлсэн ажээ. Жинон нь монгол төрийн уламжлалт тушаал байжээ. Монголын тулгуур бичгүүдэд, Баруун түмний жинон Батмөнх, хаан Мандуул хоёр эе эвээ нэгтгэн Зургаан их улсыг захирч байв хэмээсэн байдаг. Тэр үед Ар, Өвөр Монгол нь Зургаан их улс буюу Зүүн, Баруун түмэн хэмээн хоёр хуваагдаж, Дөрвөн Ойрад биеэ даасан тусгаар байдалтай байжээ. Зүүн түмний эзэн хаан өөрөө, Баруун түмний түүний ойр төрлийн хүн, жинон цолтой захирдаг байжээ. Тэр үед “дээр хөхрөгчид наран, саран хоёр, доор ногоггрогчид хаан, жинон хоёр” гэдэг зүйр үг гарчээ. Мандуул, Баянмөнх хоёр хэдийгээр нэгэн үе эв нэгдэлтэй улс орноо хамтран захирч байсан боловч Мандуул хааны шадар түшмэд хов үгийг хэлж ах дүүсийг харилцан эвдрэлцүүлсэн билээ. Иймээс Батмөнх даян хаан тайш тушаалын оронд жинон тушаалыг бэхжүүлэх замаар Алтан ургийнхны байр суурийг бататгаж улмаар хааны эрх мэдлийг баталгаажуулахыг эрмэлзэж байжээ.
Юуны түрүүнд Батмөнх хааны явуулсан бодлого бол тухайн үед нэр нөлөө бүхий байсан Исмаил тайшийн эсрэг чиглэгдэж байв. Исмаил бол Мэргид овгийн хүн бөлгөө. Тухайн үед Мэргид нар Хамигаас хойшоо нутаглаж байжээ. Исмаил Баянмөнх Болох жинонг хороож Шихэр хатныг авсан болон Бэгэрсэнг алж Юншээбү аймгийн толгойлогч болоод Мандуул хааны дэргэд тайш тус тус болж түүнийг үхсэний дараа төрийн бүх эрх мэдлийг гартаа оруулж авсан билээ. Хятад сурвалж бичигт өгүүлснээр Батмөнх хаан ор суусны дараа Исмаил нэг хэсэг хугацаанд Говийн аймгуудын удирдагчдын нэгтгэсэн ба Урианхайн гурван харуулыг ч мөн мэдэлдээ оруулжээ. Учир иймд Батмөнх хаан Исмаил тайшийн ялыг асуухаар 1483 оны үеэр Горлосын тогооч, Шигүшидэй зэрэг ноёдыг түүний эсрэг илгээжээ. Тухайн үед Исмаилын удирдаж байсан Юншээбү аймаг өнөөгийн Өвөр Монголын Чахар, Сөнид аймгуудын хооронд нутаглаж байсан бололтой.
Исмаил Батмөнх даян хааны цэрэгт цохигдсон тухай «Мин улсын үнэн тэмдэглэлд»-д дурдсан байдаг: Исмаил Сяо Ванд (Даян хаанд) цохигдон Мэргид аймгаа авч нутагтаа буцсан ба тэндээсээ Хятадын Ганьсу газраар уулгалж байсан болон 1486 онд Ойрадын Хэшээ (Хишиг өрлөг) Исмаил нар нэгэнт үхэж хоёр аймгийн хүн ард Хятадын хил орчмоор тархсан тухай өгүүлсэн байдаг.
Батмөнх даян хаан Исмаил тайшийг цохисоныхоо дараа Ойрад руу цэрэг илгээсэн ажээ. Тухайн үед Ойрадын удирдагч Эсэн хааны ач Хишиг өрлөг нас барж Ойрадад засаг төрийн төлөө тэмцэл гарч Хишиг өрлөгийн хүү Архан чинсан эцгийнхээ орыг залгамжилсан боловч түүний дүү Хурхудай нь түүнээс тэрсэлж Хамигаас хойш байх Басыкоу руу явжээ. Ойрадад бутрал гарсныг далимдуулан Батмөнх Ойрадыг дайлсан ажээ. Ойрад руу хийсэн 2 удаагийн аян дайнд Мандухай сэцэн биеэр оролцсон ажээ. «Алтан товч»-д Сайн хатан хөл хүнд Ойрад руу дайлаар мордож их аянаас бууж ирээд нэг сарын дараа Очирболд, Алчболд нарыг төрүүлсэн гэсэн байдаг ба Саган сэцэн Очирболд, Алчболд нарыг 1490 онд төрсөн гэжээ. Үүнээс үзэхэд Мандухай хатны хоёр дахь удаагийн Ойрадын эсрэг хийсэн дайн 1489 онд болсон. Батмөнх даян хаан үүнээс хойш нэг биш удаа Ойрадуудтай байлдаж байсан бололтой. Барагцаалбал 1496 оны үеэр тэдгээрийн хооронд дайн гарсан гэж «Мин улсын үнэн тэмдэглэл»-д дурджээ.
Ийнхүү Батмөнхийг төр барьж байх үед толгой толгойгоо дааж орших гэсэн том ноёдын эсэргүүцэл гарсаар байсан ба тэдгээрийг Батмөнх цаг тухайд нь дарж байсан ажээ. 1509 онд Батмөнх даян хаан, хоёрдугаар хөвгүүн Улсболдыг Баруун түмэнд жинон болгон суулгахад Юншээбүгийн Ибэрэй тайш, Ордосын Мандулай Ахалаху хоёр зөвлөлдөн “...бид дээрээ ноён авах хэрэг ману ягун, өөрийн тэргүүнээ өөрсдөө мэдэж явах буй за, энэ авгайг эдүгээ тэвчье...” гэж бослого гараж Улсболдыг алжээ. Тэгэхэд Батмөнх даян хаан Зүүн түмэн болох Чахар, Халх, Урианхай мөн Харчин түмнийг авч Ордос, Түмэд, Юншээбү гурван түмнийг дайлахаар мордож хоёр талын цэрэг Далан тэргүүн хэмээх газар халз тулалджээ. Энэхүү дайнд Ойрадууд Батмөнх даян хаанд дэм үзүүлж цэрэг нийлүүлсэн. Даян хаан цэргээ 61 салаанд хувааж боссон ноёдын эсрэг довтолж ялалт байгуулсан ба Мандулай Ахалаху энэ тулалдаанд алагдсан, харин Ибэрэй тайш баруун тийш зугтсан ажээ. Энэ тухай сурвалж бичигт өгүүлсэн нь “... Даян хаан зүүн түмнийг дайлж морилоод Уйгуд Байлари Далан тэргүүн нэрт газар үнс мэт гишгэж ой мэт бутаргаад үнэхээр өшөөтөн дайсныг доройтуулаад Ордос түмнийг оруулаад харьж эсэн төгөл буув” гэжээ. Хятад сурвалж бичигт энэ үйл явдлын талаар мөн тэмдэглэсэн байдаг. Тэдгээрт Ибэрэйг Даян хааны чинсан гэсэн байх ба 1501 оны үеэр Цзинчжоу нутгаар нүүдэллэж байснаа 1509 онд Ордост ирж барагцаалбал нэг жилийн дараа Мандухай Ахалахутай нийлж Даян хааны эсрэг тэрсэлж түүнд цохигдон 10 000 хүн ардаа авч Цинхайн (Хөх нуур) тийш Адин зэрэг газарт амьдарч байсан суугуул угсаатан руу довтолж тамга сэлтийг нь дээрэмдсэн ба тэр үеэс эхлэн Цинхайд дээрэмчид нүүдэллэх болсон гэсэн байдаг. Энэхүү Ибэрэй бол Эсэн хааны ач бөгөөд түүний эцэг Амасанчи Ойрадын хүн амын нэг хэсгийг авч Моголистан руу зугтсан ажээ. Хожим нь Ибэрэй өөрийн дүү Элиасийн хамтаар зүүн зүгт явж Исмаил тайшийн Юншээбү аймгийг эзэлж, Ордост нэвтрэн орж тэндээ нутаглах болжээ, Хятад сурвалж бичигт Ибэрэй эзэх хаандаа тэрсэлсэн учир шалтгааны талаар огт өгүүлээгүй. Ибэрэй Даян хаанд цохигдсоныхоо дараа ч нэлээд хүчирхэг байсан ба Мин улсын хилийг уулгалан Хятадад багагүй хохирол учруулж байжээ. Ибэрэй Хятадын харьяанд байсан Минандин, Цюсян, Ханьдун, Адуань харуулууд руу довтолж байсан ба тэдгээр нь өнөөгийн Хөх нуурын зүүн хойт болон Ганьсугийн баруугаар нутаглаж байжээ. Батмөнх Даян хаан төр барьж байх хугацаандаа Монголжин аймгийг эрхшээлдээ оруулжээ. Саган сэцэн Монголжин аймгийг Түмэд Монголжин хэмээсэн байх ба түүний удирдагчийг Хосай тавнан гэсэн байдаг. Монголжин аймаг нь өгүүлж буй үед Датунаас баруунтаа Хатан голоос зүүнтээ нутаглаж байжээ. Монголжин аймгийн бүрэлдэхүүнд 8 отог багтдаг байв. Хосай 1500 оны үеэр өөрийн аймгаа авч баруун  зүгт явж Ордост нэвтрэн орж Ибэрэй нартай сүлбэлдэн явах болжээ. Хосай Батмөнх Даян хаанд захирагдахгүй биеэ даахыг эрмэлзэж байсан нь Даян хаан Монголжингийн эсрэг цэрэглэхэд хүргэсэн ажээ. Энэ явдал 1508 онд болсон бололтой. Даян хаан морилоод Монголжин цэргийг даржээ. Ийнхүү Даян хаан Монголжин аймгийг хураан захирч хожмоо Монголжин аймаг нь Даян хааны хөвгүүд ач нарын эзэмшилд шилжсэн нь Түмэд аймаг ажээ. Батмөнх Даян хаан хамгийн сүүлд Урианхай түмнийг номхотгосон ажээ. Урианхай нар Юан улсын үед Онон голын хөвөөгөөр нүүдэллэж байсан ба хожим нь Ордостой ойролцоо нутаглах болжээ. Жалайр, урианхай нар нь нэг аймаг байсан бололтой. Нийт хүн ард нь 10 мянга хүрэхтэй үгүйтэй, адуу, тэмээ үржүүлдэг ба Даян хаан олон жилийн турш тэднийг довтолсон учир тэн хагас нь дайнд үрэгдэж үлдсэн хэсэг нь түүнд дагаар орсон гэдэг.  Ийнхүү Батмөнх даян хааны улс төрийн үйл ажиллагаа нь салж бутарсан улсаа нэгтгэн төр улсаа төвхнүүлэхэд чиглэгдэж байжээ. Монголыг нэгтгэхийн төлөө тэмцлийг зохион байгуулахдаа түүний шууд захиргаанд байсан Чахар, Халх түмний хүчийг ашиглаж байв. Чахар бол Монголын их хааны шууд захиргаанд байсан аймаг бөгөөд өнөөгийн Монгол улсын зүүн хэсэгт оршин сууж байжээ.
Зургаан түмний магтаалд Чахар түмний гавьяа зүтгэлийг тэмдгэлсэн байдаг.
Түүнийг дор сийрүүлбэл:
«... Цавчих илдний ир болсон
Цариг дуулганы дэл болсон
Чахар түмэн ...» гэх зэргээр өгүүлсэн байдаг.
 Мин улсын сударт, Монголын хааны шууд захирч байсан цэрэг нь 10 түм гэж дурьдсан байдаг ба чухамхүү Чахар аймаг тэрхүү 10 түмэн цэргийн гол хүчийг бүрдүүлж байсан бололтой. Ийнхүү Даян хаан Чахар, Халх хоёр аймгийн цэргийн хүчээр ноёдын урвалга, бослогыг дарж байсан ажээ. Батмөнх хаан Монголыг нэгтгэн захирахдаа шинэтгэлийн бодлого явуулсан бөгөөд тэрхүү шинэтгэл нь юуны түрүүнд Алтан ургийнхны байр суурийг бэхжүүлэхэд чиглэгдэж байв. Бид дээр тэмдэглэснээр Даян хаан тайш, чинсан хэргэмийг халсан билээ. Гэвч зөвхөн тайш, чинсан хэргэмийг халаад зогсоогүй мөн Юан гүрний үед хэрэглэж байсан пинчжан, чжиюань зэрэг хятад цолыг мөн халсан ажээ. Өвөр Монголын эрдэмтэн Дарийжав Даян хааны энэхүү арга хэмжээг Юан гүрний үеэс уламжлагдан ирсэн улс төрийн бүтэц дэхь Хятадын нөлөөг устгах зорилготой байсан гэж тайлбарлажээ. Мөн энэхүү эрдэмтэн Батмөнх хааны улс төрийн дээрх шинэтгэл нь Монголын уламжлалт ёсыг сэргээснээр эцсийн бүлэгт Монгол орныг Юан гүрнээс өмнөх байдалд хүргэсэн хэмээжээ.  Батмөнх хааны хийсэн нэгэн чухал шинэтгэл бол эзэлсэн газраа өөрийн хөвгүүддээ Чингис хааны маягаар хуваарилан өгсөн явдал юм. Батмөнх Даян хаан 11 хүүтэй байжээ. Үүнд: Төрболд, Улсболд, Барсболд, Арцболд, Очирболд, Алчболд, Убсанж, Арболд, Гэр-Од, Гэрболд, Гэрсэнз. Барсболд Сайн алаг жинон Баруун гурван түмнийг нийтэд нь захирч байв. Арцболд мэргэн хунтайж Долоон түмэдийг, Алчболд дотоод Халх таван отгийг, Очирболд Чахарын найман отог Хишигтэнг, Гэрболд Чахарын Аохань, Найман аймгийг, Убсанж Асуд, Юншээбү, Гэр-Од тайж үр удам байгаагүй ажээ. Тэдгээр эзэмшил газрын барлалын хувьд гэвэл Долоон түмэд, өнөөгийн Гуйхуачэний (Хөх хотын хуучин буурь) ойролцоо, дотоод Халх таван отог өнөөгийн Баарин, Жаруд аймгийн нутаг дэвсгэрт, гадаад Халх долоон отог, Монгол улсын Халхын зүүн хэсэг, Чахарын Хишигтэн, Аохань зэрэг нь хуучин нэрээрээ хадгалагдан үлдсэн ба Убсанжийн өмч болох Асуд, Юншээбү нь өнөөгийн Сөнид аймгийн нутагт байжээ. Ийнхүү өөр өөр овгийн отог ноёны мэдэлд байсан Баруун, Зүүн түмэн нь бүгд цусан төрөл нэгтэй ах дүү тайж нарын мэдэлд шилжжээ. Батмөнх Даян хааны энэхүү шинэтгэл нь тухайн үедээ яах аргагүй дэвшилт зүйл байжээ. Юуны түрүүнд удаан жил тасралтгүй үргэлжилсэн хаад ноёдын хоорондын өрсөлдөөн тэмцэл нэг хэсэг хугацаанд намдсан ажээ. Нөгөөтэйгүүр Батмөнх даян хаан өөрийн эзэмшил нутгаа хөвгүүддээ хувь болгон таслан өгсөн нь Монголын үйлдвэрлэх хүчинд эергээр нөлөөлжээ. Ийнхүү газар нутгийн хуваарьт шилжсэнээр малчид эзэн ноёны тодорхой нутагт нүүдэллэх болж мал аж ахуйг хөтлөх шинэ арга барил нэвтэрсэн бөгөөд отог ноёнд ноогдуулах алба нарийн тогтсоноор улсын санг бүрдүүлэхэд дөхөм болсон аж. Нөгөө талаар Алтан ургийн гишүүдийн улс төр, эдийн засгийн байр суурь батжин бэхжиж хаант төрийн нэгдлийг хангах гол үндэс нь болсон. Батмөнх даян хаан хөвгүүддээ эзэмшил газраа хувь болгон хуваарилснаас гадна Монголын төрд үнэнчээр зүтгэж гавьяа байгуулсан Алтан ургийн бус хүмүүст хэргэм тушаал соёрхсон ажээ. Тухайлбал Мандухай сэцэнг Ойрад руу дагаж явсан Хэрээдийн Эсэлэй Дайбу, Сэцэн Жихор, Балахчин Баянбух, Асудын Батболд, Батмөнх хааныг асран хамгаалж байсан Төмөрдайх мэтийн хүмүүст дархан цол, алтан тамга олгосон ажээ. Дархан нар нь алба гувчуураас чөлөөлөгддөг байжээ. «Алтан товч»-д Батмөнх Даян хаан Баруун гурван түмэнд гарсан бослогыг дарахад оролцож гавьяа байгуулсан хүмүүсийг дархалсан тухай өгүүлсэн байдаг: “Даян хаан Баруун гурван түмний байрд (жагсаалд) туслагчдыг цөм дархалжээ. Чэгчээгийн үр ноёнгүй болтугай гэж дархлав. Ойрадын Сэгүсэ Ахалахугийн үр долоон үе болтол алба үгүй болтугай гэж дархлав. Баасан тавнанд Сайн Мандухай хатнаас төрсөн охиноо өгөв гэжээ”.
Ийнхүү Батмөнх Даян хааны улс төрийн бодлого нь хаант төрийг бэхжүүлж, Монгол улсын төрийин нэгдлийг хангахад чиглэглэж байжээ. Сурвалж бичгүүдэд энэхүү үеийг «гар газар, хөл хөсөр» байсан үе гэж нэрлэжээ. Өөр зуураа удтал хямралдан байсан монголчууд нэгэн хааны эрхэнд орж захирагдах болсон нь юуны урьд нийт Монголын тусгаар тогтнох байдлыг бэхжүүлж, нөгөөтэйгүүр үйлдвэрлэхүй хүчний хөгжилд тус дөхөм болсон нь дамжиггүй. Манай түүхч эрдэмтэн Б.Даваасүрэн «Батмөнх Даян хаан» гэдэг ганц сэдэвт зохиолдоо Даян хааны үйл ажиллагааг дараах дөрвөн зүйлээр оновчтой тодорхойлон бичсэн нь:
Нэгдүгээрт: Юуны өмнө нийт монголчуудыг нэг хааны захиргаанд оруулахдаа, улс орны нийгэм төрийн байдал, эдийн засгийн хүчин чадлыг зөв үнэлж, цэрэг улс төрийн тохирсон бодлого явуулсан. Хоёрдугаарт: Төрийн нэгдмэл байдлыг хангахын тулд төрийн засаглалын зарим институтэд өөрчлөлт хийж, удирдлагын төвлөрсөн байдлыг бий болгосон.  Гуравдугаарт: Улс төрийн бутралыг гэтлэн давахын тул дотоодын дайн самууныг хатуу, зөөлөн арга хэргэлэн давж, Баруун, Зүүн Монголын цэргийн нэгдмэл хүчийг бий болгосон. Дөрөвдүгээрт: Улсынхаа тусгаар тогтнох гадаад таатай нөхцөлийг бий болгохын төлөө хүч хайргүй тэмцэж Монголыг Мин улстай эн зэрэгцэхүйц улс болгож чадсанд оршино гэсэн билээ.

No comments:

Post a Comment