Wednesday, June 6, 2012

“Нүүрсний экспортын тал хувийг тээврийн зардалд зарцуулж байна”


Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Н.Энхтайвантай  уулзаж ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногт  Мон­­­го­лын нүүрсний салба­рын­хан чуулсан. Чуулга уулзалтаар манай улсын гадаад худалдаанд нүүрс тэргүүлэх байр суурийг эзлэх болсон хийгээд нүүрсний экспор­тын орлогоос улсын төсөвт ордог ашиг зэсийнхийг аль хэ­дийн давчихаад байгааг хол­бог­дох албаны хүмүүс дуулгана лээ?

-Нүүрсний экспортоос орлсон орлого зэсийнхээс давсан нь үнэн. Өнгөрсөн 2011 онд Монгол Улс 21 сая тонн нүүрс экспортолсон байгаа. Гэхдээ экспортод гаргаж буй нүүрснээс манай улсын авч буй шууд ашиг маш бага байна. Монгол Улсын экспортод зэсийн баяжмал давамгайлдаг байсан үе өнгөрч, нүүрсний экспорт тэргүүлэх байр суурийг эзэлдэг болсон нь үнэн ч авах ёстой ашгаа хүртэж чадахгүй байгаад л хамаг учир бий. “Эрдэнэт” үйлдвэрээс гаргаж буй зэсийн баяжмалын экспортоос бид авах ёстой ашгаа авч чадаж байгаа. Харамсалтай нь нүүрсний экспортоос авах ёстой ашгаа авч чадахгүй байна. Ашигт малтмал ашигласаны татвар, гаалийн бүрдүүлэлтийн хураамж гээд нэг тн нүүрснээс ердөө 4,4 ам.долларын татвар авдаг. Гэтэл Хятадын тал Монголын нэг тонн нүүрснээс 20,45 ам.долларын хураамж авдаг юм. Энэ хоёр тоог харьцуулаад бод л доо.

-Монголын нүүрсний хам­гийн том зах зээл Хятад. Монгол­чууд хамгийн сайн чанарын нүүрсээ хятадуудад маш хямд­хан зарж байна шүү дээ. Гэтэл Өмнөд Солонгос, Япон Монголоос нүүрс импортлох сонирхолтой байгаагаа нуудаг­гүй. Яагаад тэдэнд бид нүүр­сээ боловсруулаад өндөр үнээр зарж болохгүй гэж?

-Зам тээвэр, дэд бүтцийн асуудлаас болоод манай улс нүүрсээ ганц улсад экспортолж байна. Уг нь Япон, БНСУ, Энэтхэг, Тайвань, ХБНГУ нүүрс хэрэглэгч том орнууд. Япон жилд 200 орчим сая тонн, БНХАУ 150 сая тонн, БНСУ 105  сая тонн, Энэтхэг 70 сая тонн, Тайвань 60 сая тонн, ХБНГУ 40 сая тонн нүүрс импортолдог. Нүүрс эскпортлогчид буюу манай өрсөлдөгчид болох Австрали гэхэд жилд 290 сая тонн, Индонези 260 сая тонн, ОХУ 125 сая тонн, Колумб 70 сая тонн, АНУ 70 сая тонн, БНХАУ 60 сая тонн нүүрс экспортолж байна.  Дэлхийд жилд дунжаар 645 сая тонн нүүрс импортолж, нүүрс экспортлогч орнуудын нийлүүлэлт жилдээ 960 сая тонн байгаа нь манай улсад өрсөлдөгчид их байгаа гэдгийг харуулж байна. Нүүрсээ бид дотооддоо боловсруулалт хийгээд өөр зах зээл дээр борлуулах чиглэлээр ажиллах хэрэгтэй гэдэгтээ санал нэг байна. Манай экспортын нүүрс ямар ч анхан шатны боловсруулалт хийгдээгүй, өөрөөр хэлбэл, нэмүү өртөг шингээгүй бохир, түүхий үүнээс үүдэн хол тээвэрлэгдэх өрсөлдөх чадваргүй байгаа нь Хятадаас өөр зах зээлд гарахад гол саад болж байна. Энэ байдлыг хятадууд овжин ашиглаж байна. Хэрвээ нүүрсээ үнэд хүргэе гэвэл дэд бүтцээ сайжруулж, төмөр зам тавих ажлаа яаравлах хэрэгтэй.  Мөн хятадууд Монголоос боловсруулсан нүүрс аль болох худалдан авахгүй байх бодлого барьдаг. Боловсруулсан нүүрснээс авдаг татвар нь өндөр. Энэ нь тус улсад ашиггүй болохоор тэр. Монголоос түүхий нүүрс импортлоод, түүнийгээ боловсруулна гэдэг нэгдүгээрт, тус улс хямдхан нүүрс худалдаж авах боломжтой болж байгаа юм. Хоёрдугаарт, ажлын байр бий болно. Иргэдээ ажлын байраар хангахын тулд ийм татварын бодлогоор зохицуулалт хийж байна шүү дээ. Монголчууд нүүрсээ хятадуудад хямдхан өгөх өөр шалтгаан ч бас бий.

-Ямар шалтгаан байдаг гэж. Дэлхийн зах зээлд зарж байгаа нүүрс­нээс монголчууд хэр их хямдхан өгдөг вэ?

-Дэлхийн зах зээл ч гэлтгүй Хятадын бусад орноос импортоор авч байгаа нүүрсний үнээс Монголын нүүрсний үнэ 25-50 хувиар хямд байгаа юм. Учир нь нүүрсний үнэ  газрын тос, зэс, алт, зэрэг ашигт малтмалтай адил дэлхий аль нэг томоохон биржийн үнээр тодорхойлогддоггүй. Хэрэгцээ, нийлүүлэлтийн байдлаас шалтгаалан бүс нутаг, улс орон, тэр бүү хэл нэг улсын дотор муж, аймгийн хэмжээнд өөр, өөр байдаг. Хятадын ӨМӨЗО бол нүүрсний асар их баялагтай. Монголын нүүрсний үнэ Өвөрмонголд байгаа нүүрсний үнээс хямд байж Хятадын зах зээл дээр борлогдоно гэсэн үг. Мөн БНХАУ-ын бусад орнуудаас авч буй нүүрс эцсийн хэрэглэгчдээ очих хүртэл ямар зайнд, ямар тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэж, хэдий хэрийн зардал гарч байж хүрдгийг тооцох ёстой. Судалгаанаас үзэхэд нэг тонн коксжих нүүрс Хятадын хилийн доторх терминал хүрэхэд 60,2 ам. доллараар үнэ  нь нэмэгдэж очиж байна. Үүнээс манай хилийн дотор 34,3 ам.доллар байна. Монголоос гарч буй нүүрсний үнэ доогуур байгаа, түүнийг өсгөх, зах зээлийн бодит үнэ тогтоох өрсөлдөөн байхгүй байгаа гол шалтгаан нь Хятадын талын импортлогч нь зөвхөн нэг аймаг буюу ӨМӨЗО-ы Баяннуур аймгийн нутгаар дамжин тээвэрлэгдэж байгаагаас шалтгаалан тухайн орон нутгийн засаг захиргаа, аж ахуйн нэгжүүд өөр бусад муж, тухайн нүүрсийг авч хэрэглэдэг эцсийн хэрэглэгч өөр экспортлогчтой шууд харилцах боломжийг хааж байна. Яагаад тэд Монголын нүүрсэнд ийм тээг тавиад байгааг би дээр хэлсэн шүү дээ. Тэр олон мянган хүнээ ажилтай байлгахын тулд ийм бодлого хэрэгжүүлдэг

-ӨМӨЗО-ны Баяннуур аймаг манай угаасан нүүрснээс 120 юань, түүхий нүүрснээс 60 юанийн хураамж авна гэж нэг хэсэг бөөн дуулиан болсон шүү дээ. Угаасан нүүрснээс өн­дөр хураамж авна гэдэг нь БНХАУ манай улсын нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих­гүй бодлого явуулж байна гэж ойлгож болох уу?

-Энэ асуудал намжсан л даа. Манай сайд Хятадад хийсэн айлчлалынхаа үеэр энэ асуудлыг шийдвэрлэсэн. Яагаад тэд ийм хураамж авах гээд байсан нь бас л олон шалтгаантай. Монголоос оруулж ирсэн түүхий нүүрсний үнээс Хятадын төв засгийн газар нь НӨАТ-ыг бодож авдаг. Анхан шатны боловсруулалт хийж эцсийн хэрэглэгчдэд зарах үнээс бодож авах НӨАТ-ын зөрүүг орон нутгийнхан нь авдаг журамтай. Ү­үнийг ойлгомжтойгоор тайлбар­ла­вал манайхаас 100 ам.доллараар авсан нэг тонн нүүрсний НӨАТ-ыг Хятадын төв засгийн газар авна. Харин дээрх нүүрсийг боловсруулж нутгийн гүн рүү буюу эцсийн хэрэглэгчдэд 220 ам.доллараар борлуулсан тохиолдолд зөрүү үнэ болох 120 ам.долларт ногдох НӨАТ-ыг орон нутгийн засаг захиргаа нь авна гэсэн үг. Иймээс орон нутгийн засаг захиргаа хилээр орж ирэх үнийг аль болох бага байлгах, нутгийн гүн рүү буюу эцсийн хэрэглэгчдэд борлуулах үнийг аль болох өндөр байлгаж дундаас нь авч үлдэх татвараа нэмэгдүүлэх бүх боломжийг эрэлхийлэх нь гарцаагүй.

-Ер нь цаашдаа ч Монголын нүүрсний ирээдүй бүрхэг бай­гаа юм биш үү.  Нүүрсээ боловс­руулаад, баяжуулаад зарлаа гэхэд Хятадын орон нутгийн зүгээс багагүй тээг тавихгүй гэх баталгаа байхгүй юм байна шүү дээ. Тэгэхээр монголчууд нүүрсээ өндөр үнэ хүргэж зарахын тулд ямар арга хэмжээ авах шаард­лагатай вэ. Яах ёстой юм бэ?


-Монголын нүүрсийг дэлхийн зах зээлд гаргахын тулд юуны өмнө төмөр замын сүлжээг нэн даруй бий болгох шаардлагатай. Одоо байгаа авто замын тээвэр нүүрсний экспортыг нэмэгдүүлэх нөхцөл боломжийг хангаж чадахгүй. Уурхайгаас гарсан нэг тонн нүүрсний үнэ Монголын нутаг дэвсгэр дээр 34 ам.доллараар үнэтэй байгаа боловч үүний дийлэнх буюу 30 орчим ам.доллар нь тээврийн зардал болж байна. Зам, тээврийн нөхцөл муу, хилийн боомтын нэвтрүүлэх чадвар хангалтгүй байгаагаас үүдэн тээвэрлэлтэд зарцуулж буй 30 ам.доллар бензин шатахууны зардал болон шатаагаад дуусаж байгааг бодох хэрэгтэй. Өнгөрсөн онд 20 сая тонн нүүр  экспортолсон гэж би дээр дурдсан шүү дээ. Тээвэрт гэхэд л нийт 600 гаруй сая ам. доллар зарцуулсан тооцоо гарч байна.  Манай нүүрсний экспортын үнийг тогтооход Хятадын талын, ялангуяа орон нутгийн зүгээс ихээхэн нөлөөлөлтэй байна. Энэ байдлыг арилгахын төлөө нүүрс экспортлогч манай компаниуд нүүрсээ хямдхан үнээр өгөх гэж хоорондоо өрсөлдөх биш нэгдмэл нэг бодлоготой харилцах шаардлагатай. Дүгнээд хэлбэл нүүрсний экспортыг төрийн зүгээс бодлогоор зохицуулах цаг нь болжээ гэж хэлж болно.

-Хят­­­адын эдийн засгийн хөг­жил удааширч байгаа, нүүрс­ний зах зээлийн багтаамж нь багасч байгаа талаар мэдээлэл байгаа. Энэ нь манай улсын нүүрсний экспортод нөлөөлөх үү?


-Огт нөлөөлөл үзүүлэхгүй. Ойрын  хоёр жилийн хувьд Хятадын нүүрсний импорт улам өсч 300-аад сая тонн хүрэх магадлалтай байна. Монгол Улсын хувьд 2011 онд нийт 21 сая тонн нүүрс Хятад руу экспортолсон. Монгол Улсын нүүрсний экспорт улам нэмэгдэнэ. Ойрын гурав дөрвөн жилд 50 сая хүргэх цаашлаад жилдээ 100 сая нүүрс экспортолж, дэлхийн томоохон экспортлогч орон болох зорилт тавьсан.

-“Caol Mongolia-2012” чуулга уулзалтын үеэр Монгол нүүр­сээрээ баян, газрын хэвлий дороо манай улс 170 тэрбум гаруй тонн нүүрсний нөөцтэй гэж гадаадын хөрөнгө оруулагчдад зарлалаа. Дэлхийд Монгол Улс  нүүрсний нөөцөөрөө аравт жагсч байна гээд байгаа. Энэ үнэн үү. Ингэхэд Монгол Улс нүүрсний нөөцийнхөө хэмжээгээр дэлхийд хэдэд ордог вэ?


-Дэлхийд нүүрсний нөөцөөрөө АНУ, ОХУ, БНХАУ, Энэтхэг зэрэг орон тэргүүлдэг. Дэлхийд олборлох боломжтой нүүрсний нийт хэмжээг 998 тэрбум тонн гэж тодорхойлсон байдаг. Манай улсын тогтоогдсон нөөц 24 тэрбум тонн, судлагдсан тойм нөөц 150 тэрбум тонн байдаг. Энэ статистикаас үзвэл дэлхийн нүүрсний нөөцийн 2,5 хувь  нь л манайд байна гэсэн үг. Монгол Улс нүүрс экспортлогчдын жагсаалтын 10-т бичигдэх болсон.

-Нүүрсний зах зээлийн ирээ­­­­­дүйг та хэрхэн тодорхойлж байна. Би түрүүнд асуусан шүү дээ. Хятадад тээг тавиад байх юм бол Монголын нүүрс дэлхийн зах зээлд гарч чадах уу гэж. Манайх чинь далайд гарцгүй орон болохоор олон улсын зах зээлд нүүрсээ зарья гэвэл нэг бол Оросоор, эсвэл Хятадаар дамжуулахаас өөр аргагүй юм биш үү?

-Дэлхийд нүүрс хэрэглээгээр АНУ,  БНХАУ, Япон, ХБНГУ, Их Британи, Франц, Итали, Канад, Бразил, ОХУ зэрэг улс орон эхний 10 хүчирхэг оронд багтаж байна. Манай улсын нүүрсний гол зах зээл БНХАУ. Судалгаанаас үзвэл, 2030-аад оноос БНХАУ нь АНУ-ын зах зээлд давамгайлахаар байна. Хятадын үйлдвэрлэлийн гол хэрэгцээт түүхий эд нь нүүрс, төмөр, газрын тос, уран зэрэг байгалийн баялаг болоод байна. Өнөөдөр түлш, эрчим хүчний эх үүсвэрийн 33.2 хувийг газрын тос, 27 хувийг нүүрс, 21.1 хувийг байгалийн хийгээр хангаж байна. Эдгээр эх үүсвэрээс нүүрс хамгийн их тархсан, нөөц ихтэй түлшид тооцогдож байна. Өөрөөр хэлбэл, дэлхийд нүүрсний 200 жил, нефтийн 41 жил, хийн 65 жил хэрэглэх нөөц байдаг гэсэн тооцоо бий. Дэлхийн хэмжээнд 2010 онд нийт зургаан тэрбум орчим нүүрс олборлосноос БНХАУ дангаараа 3,5 тэрбум буюу 60 орчим хувийг эзэлдэг. Тэгэхээр бид бусад улс орны зах зээл гэхээс илүүтэй Хятадын зах зээлд нүүрсээ нийлүүлэх нь нэгдүгээр зорилго. Хоёрдугаарт, дэд бүтцээ сайжруулж, үйлдвэрээ барьж, төмөр зам тавьчихвал Япон, Солонгос руу баяжуулсан нүүрсээ экспортлох боломж байгаа.

-Нүүрсний гадаад худалдааны зохицуулалтад зарим хүн нэлээд шүүмжлэлтэй ханддаг. Та ч бас ялгаагүй асуудал байгааг хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээр Монголын төрөөс бодлогын хувьд ямар арга хэмжээг авч хэрэг­жүүлэх шаардлагатай  байна вэ?


-Нүүрсний гадаад худалдаа зохи­цуулалт муутай, урсгалаараа хийгдэж байна. Иймд олон арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага байна. Юуны түрүүнд Монголын нүүрс экспортлогч аж ахуйн нэгжийн тоог цөөлөх, нэгдсэн зохион байгуулалтад оруулах, нүүрс экспортлох лицензтэй болох шаардлагатай. Экспортын гаалийн татварыг бий болгох, нүүрсний квотыг бий болгох хэрэгтэй байна. Экспортолсон нэг тонн нүүрс тутмаас дэд бүтцийн бүтээн байгуулалтын, байгаль орчны нөхөн сэргээлтийн, орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, боловсролыг дэмжих зэрэг татвар хураамжуудыг авч байх асуудлыг ярилцах ёстой. Түүхий болон боловсруулалт хийсэн нүүрсэнд ялгавартай татвар ногдуулах, боловсруулалт хийсэн нүүрсэнд бага татвартай байх бодлого авч хэрэг­жүүлэх хэрэгтэй. Тээврийн зардлыг бууруулахад чиглэсэн дорвитой арга хэмжээ авах, юуны түрүүнд хатуу хучилттай авто зам барих, боомтын нэвтрүүлэх гарцын тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Тээвэр хийх нөхцөлөө хангасан байгууллагууд л нүүрс экспортолдог болох хэрэгтэй. Нүүрсээ экспортлоход манайд ложистикийн асуудал хоцрогдож байгаа. Нүүрсээ ухаад гаргаж ирж болно. Экспортлоход тээвэрлэх шаардлагатай. Гэтэл манайд нүүрс тээвэрлэх ложистикийн асуудал үнэхээр хоцорч явна. Манайх шиг далайд гарцгүй орон нүүрсийг төмөр замаар тээвэрлэнэ. Авто замаар тээвэр­лэвэл өрсөлдөх чадваргүй. Хамгийн хямд төсөр тээвэр бол төмөр зам юм. Төмөр зам, түүнийг дагасан ачиж, буулгах ложистик дээр төр нь, хувийн хэвшил нь ч анхаарахгүй яваад байх шиг. Үүнд ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй.

No comments:

Post a Comment