Friday, June 8, 2012

Цагаан хорхойтох гэж Ямар Өвчин бэ

Цагаан өнгөтэй хялгас шиг хорхой болохоор хүмүүс цагаан хорхой, заримдаа хялгасан хорхой гэж нэрлээд заншчихсан. Бохир заваан орчин, тэр дотроо бие засах газруудаар ийм хорхой элбэг байдаг. Тэндээс муур, нохой зэрэг амьтад биендээ нааж авсан нь хүний гараар дамжин, хоол хүнстэй цуг амаар орох ба нарийн гэдэсний хананд шигдэн үлддэг юм. Өөрөөр хэлбэл идсэн хоолноос нь хуваалцаад, үржээд, үе үе өтгөнөөр гадагш ялгаран гарч бусдад халдварлах байдлаар нэг ёсондоо сүлжээний бизнес шиг л тархах аюултай. Гол нь ариун цэврийн дэглэм муу сахидаг, тэнэмэл муур нохойтой тоголдог, бие зассаны дараа гараа угаадаггүй хүүхдүүдэд халдварлах нь элбэг. Тэрчлэн хүнсний ногоог сайтар угааж цэвэрлэлгүй хэрэглэснээс халдварлах нь цөөнгүй. Ялангуяа Эрээнээс зөөвөрлөж ирсэн ногоо, жимсийг тун сайн угааж, ногоог сайн буцалгаж идэхийг зөвлөх байна. Учир нь хятадууд хэзээнээсээ тариан талбайгаа жорлонгийн ялгадасаар борддог шүү дээ. Эм хялгасан хорхой өдөрт 200 мянган өндөг гаргадаг. Өндөглөх болохоороо хошногоны амсар дээр ил гарч ирдэг юм. Тиймээс хялгасан хорхойтой хүүхэд унтаж чадахгүй зовиурлаж, бөгсөө маажин тонгочоод байдаг. Ийнхүү маажих үед гарт нь , хумсны завсарт нь нөгөөх өндөгнүүд наалдан, амаар нь эргэж орох байдлаар дахин халдварлаад байдаг. Энэ хорхой их тэсвэртэй. Газрын хөрсөн дээр 10-36 хэмийн орчинд хоёр сар шахам амьдрах чадвартай. Урин дулааны улиралд бол бүр ч тэсвэртэй. Газрын хөрсний төө шахам гүнд 5- 6 жил боломжийг хүлээгээд хэвтэж байдаг гэсэн үг. Хорхой өртснөөсөө эхлээд дараагийн өндөг гаргах хүртлээ гурван сар орчим хугацаанд идэвхтэй амьдардаг. Хялгасан хорхойтой хүүхдийн бие сул, амархан ядардаг, хөлөрдөг, идсэн хоол нь шингэц муутай зэргээс болоод туранхай эцэнхий байх нь цөөнгүй. Их иддэг хүүхдийг цагаан хорхойтой байх гээд байдаг нь ийм учиртай. Оношлоход түвэггүй. Хошного нь байнга загатнаад, таажаад байдаг хүүхдийн ялгадасыг үзэхэд зөндөө олон цагаан өт шиг хорхой гарсан байдаг. Эмчлүүлэхгүй удваас хүүхэд шөнө шүдээ байнга хавирдаг, хар дарж зүүдэлдэг болох ба улмаар цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл болох нь ч бий. Бас хялгасан хорхой цөсний хүүдий, мухар олгойд хуримтлагдан үрэвсүүлснээр уг эрхтнийг өвчлүүлэх гэмтэй. Тэрч байтугай олноороо бөөгнөрсөн хялгасан хорхой гэдэсний түгжрэл үүсгэсэн тохиолдол ч гардаг юм. Нэгэнт байгаль дээр үргэлж оршин байдаг уг хорхойг бүрэн устгах боломжгүй ч ногооны талбайгаа зориулалтын бордоогоор бордох, ариутгал устгал хийх, хураасан хүнсний ногоогоо зөв хадгалах зэргээр сэргийлж болох бөгөөд хамгийн гол нь хувийн ариун цэвэр сайн сахих, гараа угаахдаа саван хэрэглэж занших, ядаж л ариутгасан нойтон салфетка авч яван хэрэглэж байх нь цагаан хорхойтохгүй байх үндсэн арга мөн. Зуны улиралд айлууд зусландаа гардаг. Тэр үед л цагаан хорхойн халдвар авах магадлал ихэснэ. Энд тэндгүй байх нийтийн бие засах газрууд, гар аргаар гаргасан худаг, хогний цэгүүд, тэр хавиар эргэлдэх тэнэмэл нохой зэрэг нь өвчин тараах гол эх үүсвэр. Цөөнгүй тохиолдолд насан хүрсэн хүмүүс цагаан хорхойтох төдийгүй насан туршдаа өвчин тараагч болж явах нь байдаг. Ямар ч тохиолдолд хүүхдээ долоо хоногт 2-3 удаа усанд оруулах, хумсыг тогтмол авах, дотуур хувцас, тэр тусмаа дотуур өмдийг нь өдөр бүр солиулж хэвшүүлэх нь зөвхөн цагаан хорхой ч биш өөр олон өвчнөөс сэргийлэх ач холбогдолтойг мартаж боломгүй. Ямар ч тохиолдолд эмчид үзүүлж зөвөлгөө ав. Цагаан хорхойг туулгах эмүүд байдаг. Тэрчлэн гэрийн нөхцөлд ч туулгах арга байдгийг эмч танд зааж өгнө. Дур мэдэн эмчлэх оролдлого нь хагас дутуу үр дүнд хүрч дахин дахин өвчлүүлэх талтай. Халдвар авсан даруйд туулгах эм хэрэглэснээр бүрэн эдгэрдэг өвчин мөн. Гэхдээ эдгэрсний дараа ариун цэврийн дэглэм сахихгүй бол халдвар авах боломж дэргэд чинь үргэлж байгаа шүү.

Эх сурвалж: http://dof.blog.gogo.mn

No comments:

Post a Comment